


Хүүхэд гэр бүлийн хамгийн анхаарал халамж шаардсан гишүүн тулд дараахь
эрхийг эдлэх ёстой.
1. эрүүл мэнд өсөж бойжих;
2. аюулгүй орчинд амьдрах;
3. хүчирхийллээс ангид байх, гэмт хэрэг, зөрчил болон насанд хүрэгчдийн
аливаа зөрчлөөс хамгаалуулах;
4. эцэг эхтэйгээ хамт амьдрах, тэдний анхаарал халамжинд байх;
5. суурь боловсрол эзэмших,төрөлх хэл, бичиг үсэг, ёс заншил, түүх соёлын
уламжлалыг өвлөн эзэмших;
6. эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч эрхийг нь зөрчсөн тохиолдолд
тэдэнтэй хууль ёсны харилцаагаа зогсоох, таслах, сэргээх эрхтэй.
Эцэг эх нь хүүхдийнхээ эрх, ашиг сонирхлыг хамгаалах үүрэгтэй байдаг. Харин
хүүхэд дараахь журамт үүрэгтэй:
1. эцэг, эхээ болон бусад хүмүүсийг хайрлах, хүндэтгэх, тэдэнд туслах;
2. эх орон, байгаль орчноо хайрлан хамгаалах;
3. суурь боловсрол эзэмших;
4. төрийн хууль ёсыг сахиж, ард олны өв уламжлалыг дээдлэн хүндэтгэх,
эзэмших;
5. эрүүл мэндээ хамгаалах;
6. авъяас чадвараа хөгжүүлэх.
Эцэг, эх нь хүүхдийнхээ эрхийг хамгаалахын зэрэгцээ хүүхдийг үүргээ
биелүүлэхэд нь туслах үүрэгтэй.
Эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг хэдийд үүсэх вэ? Хүүхэд болон эцэг, эхийн
хоорондын эрх, үүрэг нь дараахь нөхцлүүдэд үүсдэг байна.
1. хүүхэд төрснөөр;
2. хүүхэд үрчлэн авснаар;
3. хүүхэд гэрлэгчдийн хэн нэгний дагавар хүүхэд болсноор.
Хүүхэд тухайн гэр бүлд төрсөн, үрчлэн авсан, дагавар, баталгаагүй гэр бүлд
төрсөн эсэхээс үл хамааран бүгд тэгш эрх эдлэх ёстой.
3.2.4.1. хүүхэд төрснийг хэрхэн бүртгэдэг вэ?
Хүүхэд төрснийг бүртгүүлэх нь эцэг, эхийн хүлээсэн үүрэг байдаг. Энэ нь хүүхэд,
эцэг эхийн хооронд үүсэх эрх, үүргийн баталгаа болдог.
Эцэг, эх хүүхдээ төрснөөс хойш төв суурин газарт бол 15 хоног, алслагдсан
сум, багт бол 30 хоногийн дотор хүүхэд төрснийг бүртгүүлэх үүргийг хуулиар хүлээж
байдаг. Хүүхдийг эцэг, эхийн оршин суугаа, эсвэл хүүхдийн өөрийнх нь төрсөн газрын
сум, дүүргийн Засаг даргын тамгын газрын иргэний бүртгэлийн алба бүртгэдэг.
Хэрэв эцэг, эх нь хүндэтгэн үзэх шалтгааны улмаас өөрийн биеэр хүрэлцэн
ирж хүүхдээ бүртгүүлэх боломжгүй бол иргэний бүртгэлийн ажилтан гэрт нь буюу өөр
газар очиж бүртгэж болно.
Хүүхэд төрснийг бүртгүүлэхэд дараахь бичиг баримт шаардлагатай байдаг:
1. хүүхэд төрсөн тухай эмнэлгийн магадлагаа;
2. эрүүл мэндийн дэвтэр, эсвэл хүндэтгэн үзэх шалтгааны улмаас эмнэлгийн
магадлагаа авах боломжгүй нөхцөлд төрсөн бол хөндлөнгийн гэрчийн
тодорхойлолт;
3. эцэг, эхийн иргэний үнэмлэх;
4. эцэг, эхийн гэрлэлтийн гэрчилгээ.
Зарим тохиолдолд хүүхдийг бүртгэхэд нэмэлт баримт шаардлагатай болдог. Тухайлбал:
1. эцэг нь нас барснаас хойш 10 сарын дотор төрсөн хүүхдийг нас барагчийн
овог, нэрээр бүртгэх шаардлагатай бол эцгийн нь нас барсны гэрчилгээ;
2. гэрлэлтийг цуцалснаас хойш 10 сарын дотор төрсөн хүүхдийг бүртгэхдээ
эцэг, эхийн хамтран гаргасан өргөдөл, мөн гэрлэлт цуцалсан тухай шүүхийн
шийдвэр шаардлагатай болдог.
Харин гадаадад оршин суугаа Монгол Улсын харьяат иргэнээс төрсөн хүүхдийг
эцэг, эхийн нь хүсэлтийг үндэслэн хилийн чанад дахь Монгол Улсын дипломат
төлөөлөгчийн болон консулын газар бүртгэдэг.